"A great civilization is not conquered from without until it has destroyed itself from within." — W. Durant
Кинонд өгүүлэх нэгэн домогоос:
... "Хүн ихэд гуниглан суутал адгуус амьтад цуглаад түүнийг тойрон суужээ. Амьтад түүний гуниглан сууж буйг хармааргүй байна, биднээс хүссэн бүхнээ гуй гэжээ. Гэтэл хүн хурц хараатай болмоор байна гэв. Минийх шиг хараатай болоорой гэж бүргэд хариулжээ. Хүчтэй болмоор байна гэж хүн хэлж гэнэ. Ирвэс түүнд над шиг хүчтэй болоорой гэж хариулж гэнэ. Тэгтэл хүн бас хэлжээ: -Дэлхийн бүх нууцад нэвтэрмээр байна гэжээ. -Би чамд бүгдийг нь үзүүлье гэж могой бас хариулжээ. Ингээд хүн бүх амьтад хүнд туслахаар болжээ. Ингээд хүн бүх өглөгийг авсны дараа яваад өгчээ. Шар шувуу бусад амьтадад хэлжээ: -Одоо хүн бүхнийг чадагч болсон, надад гэнэт аймшигтай санагдлаа гэж. Тэгтэл буга: -Хүнд одоо хэрэгтэй бүхэн нь байна шүү дээ. Хүн дахиж гуниглахгүй байлгүй гэж хариулав. Харин Шар шувуу: -Үгүйээ, би хүний дотор хүн байхыг харсан. Хэзээ ч тайлагдашгүй мэт гүнзгий нүхийг харсан, Тийм л учраас хүн тийм ихийг хүсч гуниглаж байгаа юм гэжээ. Хүн улам ихийг авсаар л байх болно. Дэлхий тэрэнд эцэстэ нь: -Би үгүй болохнээ, одоо чамд өгөх зүйл алга. гэтэл тэр авсаар л байх болно гэжээ"...
Кинонд эртний Маяачууд болох Америк тивийн уугуул индиануудын амьдрал гардаг. Ойд хагас зэрлэг маягтайгаар ан гөрөө хийн, айвуу тайвуухан амьдарч буй нэгэн отог руу илүү хотшиж, хөгжил өндөртэй бүлэгийн цэргүүд довтлон төрөлхи отгийг нь цусан далайд будаж орхиод, тэднийг олзлон авч газар тэнгэрийн бурхадын уур хилэнг тайлах ёслолын амьд тахил, золиос болгохоор авч одно.
Ерөөс хүний дотор байх тэрхүү аль ч араатнаас хол илүү ховдог, цэвдэг сэдэл бүхий хэнийг ч, юуг ч үл өршөөх, үл ханах машид харгис хорон санаа, шунаг сэтгэл нь эцсийн эцэст өөрөө өөрийг нь мөхөөхөд хүргэнэ. Бид ч бас тэрхүү мөхөл рүүгээ аажим, аажим одож буй гэсэн санааг энэ киног үзэж суухад ихээр төрч байсныг хэлэх юун.
Киноны хийцийн хувьд өөлөх зүйлгүй бөгөөд дуу оруулалт, байгал орчны чимээ, зураг авалт болон камерийн план, хувцаслалт, хот тосгон объектууд зэрэг нь үйл явдалын хурц тод хэсгийг илүү үнэмшилтэйгээр, зарим үед бүүр хирд хийлгэж цочроом аймшигтай бодит кадруудтай байсан. (Жоохон хүүхэд, зүрх муутай хүмүүс бол бараг шөнө хар дарж зүүдлэх байх шүү) Гэхдээ сүүлийн үеийн барагийн юманд ажирахаа байсан хүмүүсийг ийм л хатгалт, мэдрэлт өгч байж хэлэх гэсэн санаагаа жинтэй мэдрүүлэх гэсэн байж ч магадгүй л юм.
Олзлогдосдыг аван явж байхад замд бас тэдний адил тавилан учирсан нэгэн тосгоноор өнгөрөх бөгөөд үхдэл болсон цогцоснуудын дэргэд нэгэн ужиг өвчтэй аймшигт шаналсан царайтай жаахан охин таарна. Үхэл ханхлуулсан өвчтэй охиноос бүгд жийрхэж холдуулцгааха бөгөөд аймшигт охин ирээдүйд юу болохыг зөгнөн ийн хэлдэг:
..."Чи надаас айж байна. Зөвөө айцгаа, Хорон санаатнууд бүгд айцгаа. Та нар яаж үхэхээ мэдмээр байна уу. Зөгнөсөн цаг үе ирнэ. Үд дундын харанхуйгаас болгоомжилцгоо. Ирвэс авчирах хүнээс болгоомжилцгоо. Шавар шорооноос тэрний яаж амилж босохыг хараарай. Тэрний та нарын дагуулж очих тэр хүн тэнгэрийг унтрааж, хорвоог мөхөөх болно, та нарыг устгана, танай ертөнцийг сөнөөнө. Тэр одоо та нарын дунд байгаа. Өдөр нь шөнө болж хувирна, хүн ирвэс та нарыг үхэл руу чинь аваачина."
За ингээд илүүц зүйлс, үйл явдалуудыг энд тоочин таны үнэт цагийг хороосноос, уншигч та өөрийн биеээр уг киног үзэж, охины зөгнөсөн зүйл биелэх эсэхийг харах эрхийг таньд үлдээе.
Links:
www.on-air.mn/cinema/ (Эх хэлээр)
http://en.wikipedia.org/wiki/Apocalypto
Official Movie Site
Internet Movie Database
4 comments:
Би энэ киног 4 дэхээ үзчихээд байгаа.
Яагаад ийм олон үзчихэв ээ гэвэл, үзэх бүр л сонин содон зүйлс нэмэгдэж урган гарч ирээд, амь өрссөн адал явдлуудынх нь үнэмшилтэй нь бүр сэтгэл донсолгоод, шинэ2 бодол сэтгэгдэл төрүүлээд байдаг болохоор тэр.
Урьд би адал явдалт киноноос ийм их таашаал авч байснаа санахгүй юм. Дандаа л өө сэвийг нь хараад муулж үздэг байсан. Харин энэ кино хэтэрхий үнэмшилтэй, дээр нь хайгаад хайгаад жижигхэн 2 алдаанаас өөр өөлөх зүйл олдохгүй байгаа болохоор тэр байх даа.
Эхлээд үзэхдээ би, хүн амьд явахын тулд ямар их зүйлийг туулдаг юм вэ, гэтэл бид ... гэж бодсон.
Дараа нь үзэхдээ хүн өөрийн өмнө зорилго (эхнэр хүүхэд) тавивал юунд ч дийлдэхгүй юм байна гэдгийг ойлгосон.
Гутгаарт үзэхдээ өөртөө итгэх итгэл үнэмшилээс ямар их хүч ялгардагийг харсан. Манай залуу "Би ... Тэнгэрийн хүү ирвэс байна, энэ бол миний нутаг ..." энэ тэр гээд алах сэдлээр хөөж байгаа дайснуудаа нэг нэгээр нь хороож эхэлдэг шүү дээ.
Сүүлийн үзэлтэндээ киноны төгсгөлд гардаг далайн эрэг дээр манай залууг алахаар дагаж очсон 2 дайчин, усан онгоцноосоо бууж байдаг Испаничуудыг (Испаничууд л байх гэж бодож байгаа. Учир нь өмнөд Америкт тэд нар л түрүүлж очиж тэр нутгийг өөрийн эзэмшил болгосон байдаг) дагуулж омогтоо очих юм байна. Тэгээд нөгөө хөгжил дэвшил нь хэтийдээд, хүн амьтан "өргөөд", дотроосоо ялзарч байгаа хүчирхэг омог маань сүйрэх болох нь гэж мэдсэн. Охины зөгнөлч тийм л байсан. Тэгээд муу зүйл хийж байгаа нь хэзээ нэгэн цагт хариугаа авна гэдгийг мэдсэн.
Гэхдээ хүн хүний нүд өөр юм даа. Би гайхан бахдаж, дуу алдаж байхад зарим нь оошоож үзэхгүй байгаа даг шүү. Учир юу гэвээс энэ киног гарахаас даруй хэдэн сарын өмнө бүр хобби (эхний тавигдсан байгаа зургийг wallpaper энэ тэр хийчихсэн, ... лаг сүртэй байсийм) болчихсон байсан нэг найзаасаа сонсохнээ хэтэрхий харгис, алаан хядаан, цус нөж ихтэй гээд удахгүй болох оскарын шалгаруулалтанд академаас нэг их олон төрлөөр нэрийг нь дэвшүүлэхгүй байгаа, ганц нэг шилдэг зураг авалт гэх мэтээр л дэвшижүүлж байгаа гэж сонсов. Энэ талаар нэмж судлах зав ч байсангүй л дээ.
Гэхдээ та энэ киног үзэхэд ер алдахгүй шүү гэж хэлмээр байна.
SHILEGT: Mel Gibsonii style han hiij bna lee. Shirengen dundah zurag avalt, ongo, hogjim goid taalagdsan.
Энэ киног долоо хоногийн дотор 3 удаа үзсий шд. Их таалагдсан. Зүгээр кино байна лээ. Хүн амьдрах гэж яаж тэмцэж байгааг энэ киноноос илүү ингэж харуулж чадсан кино санаанд орохгүй л байна. Хамгийн сүүлийн үзэгдэл дээр далайн эрэгт усан онгоцтой европчууд ирж байгаа нь их таалагдсан. Бас их зэвүүн санагдсан. Тэр их өндөр иргэншилтэй үндэстнийг устгасан гол нөхдүүд нь гэж бодохоор эвгүй л юм билээ.
"Civilizations die of boredom" - Alfred North Whitehead
Post a Comment