Sunday, September 23, 2007

Puujee - プージェー (2006)

Өнөөдөр энэ Пүүжээ гэж киног үзлээ. Тэгээд сэтгэл дотор нэг л хачин болж орхих нь тэр. Дотор нэг том хар юм тээглэж, давчидаад байгаа ч юм шиг...

Нэгэн япон жуулчин Монголын талаар аялж явахдаа монгол үндэстэний ахуйн онцлог, нүүдэлчин зан заншил гээд нилээд сонирхож, энэ тэрийг камерийн дурандаа буулгасан ч хөдөөгийн малчин айлын 6 настай хэрсүү бор охин Пүүжээг онцлож энэхүү баримтат гэмээр кино дэлгэцэнд түүнийг мөнхлөж үлдээжээ. Мөн энэ кино нь олон улсын кино наадмуудаас Гран При шагнал эдэр ч авч.

Аралын Япон жуулчинд тал нутагт морь дэл дээр өссөн энэ бяцхан охин сургуульд ч ороход балчирдах ч, хөдөө хээр хонь мал бэлчээн хариулж маллах хүнд ажилд түүртэлгүй амьдрах нь хачирхмаар, гайхмаар ч санагдсан биз.

Энэ киноноос монголчууд бид өөрсдөө ч гэсэн тэр бүр анзаараад байдаггүй нэгэн зүйлийг харж чадна: Хар бага наснаас хагацал зовлон, байгалын зуд турхан гай гамшигийг үзэж, хөдөөгийн өдөр бүрийн хүнд хүчир, эцэс төгсгөлгүй ажилд нухлагдсан энэ жижигхэн охинд ч гэсэн ирээдүйгээ бодож мөрөөдөх, цаашлаад аралын их наран улсыг ч зорьж орчуулагч болох хүсэл ч байдаг юм байнаа гэж... Пүүжээтэй адил хүүхдүүд монголын хөдөө нутгаас зөндөө бий, бас зөндөө байсан ...

Гэвч тэр хүүхдүүдийн хэд нь Пүүжээ шиг 12 хон насандаа тэр л гэгээн мөрөөдлөө аваад эргэж ирэлгүйгээр одсон бол, бас одох бол ...

Энэ хүүхдүүд яагаад тэр мөрөөдөлдөө хүрч чадаагүй, бас чадахгүй байгаа юм болоо гэсэн бодол тээгээд энэ киног үзэж дуусгав ...

Puujee.info
Puujee - On-Air.mn Cinema